Friday, May 30, 2008

Өнгөрсөн сард манайхан ...


Өнгөрсөн сард манай хамт олон Хатгал тосгоны төвд байгаль хамгаалах өдрүүдийн хүрээнд сургуулийн хүүхдийн дунд гар зургийн уралдаанд зарлаж түүнд 3-ын "Б" ангийн сурагч Буяннэмэх, мөн ангийн сурагч Б.Гүндалай нар 2-р байр эзэлсэн. Зохион бичлэгийн уралдаанд 7"б" ангийн сурагч Б.Үүрцайх, 8"б" ангийн сурагч Г.Анхбаяр нар 1,2 дугаар байр эзэлсэн. Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд "Дэвжээ" тэмцээн зохион байгуулж "Уран дөш" цэцэрлэгийн баг түрүүлж шагнуулсан.


Байгаль хамгаалах аяны хүрээнд зохиогдсон хамгийн өрсөлдөөнтэй идэвхитэй оролцсон тэмцээн нь гар бөмбөгийн тэмцээн байсан. оролцсон 6 багийн хувьд бэлтгэл сайтай аль ч баг түрүүлэх боломжтой, бооцоо сайтай тэмцээн болж сургуулийн багш нарын тоглосон баг түрүүлсэн.


Thursday, November 01, 2007

Ханхад онгоц гаргахаар ажилласан ажлын тэмдэглэл.


2007-6-1 Ханх

6 сарын 1.

Ажлын явц ямар байна?

2007 оны 05 сарын 31-ны өдөр гараад Ханхад ажиллахаар Хөвсгөлийн ТХГ-ын Хамгаалалтын Захиргааны нягтлан бодогч Ш.Туяа, мэргэжилтэн Т.Хулганаа, техникч Б.Гансүх бид 6 сарын 1-ний өглөө 11 цагт ирсэн. Ирээд ОХУ-ын “Монгол - Сибирь аян” ХХК-ны захирал Сирота Андрей Владимирович, Завгородний Сергей Вадимович болон ОХУ-ны онгоц засварын газрын ажилтан Федотов Василий Владимирович, Лубков Валерий Владимирович, Кузьминич Михаил Николаевич нартай уулзаж ажилдаа орсон. Бидний хувьд орос ажилчидтай хамтран онгоц гаргахдаа далайн усанд онгоцон дотор байгаа түлш, маслыг асгахгүй байх, яаралтай гаргах, яаж гаргах тухайгаа ярилцаж тохирсон. Бидний хамгийн гол ажил нь ажлын явцыг баримтжуулах, хог хаягдал болон усанд дизель түлш асгуулахгүй байхад нь хянах байдлаар ажилласан.

Бид гар санаа нийлсэн нэгэн хамтлаг болж чадсан.

Эхний өдөр биднийг ирэхэд нэг минутанд 1000 литр ус гаргах чадалтай мотороор өглөөнөөс хойш соруулаад 13 цагийн байдлаар дөнгөж 6 см дээшлүүлж байсан. Үдээс хойш бидний хийсэн гол ажил бол ус орж ирж байгаа газрын усыг багасгах хаана цоорхой байгааг тодруулах ажил байсан. Манай болон орос ажилчид орой 10 цаг хүртэл ажилласан ба насосоо тэр хооронд зогсолтгүй ажиллуулж байсан. Том насосноос гадна цахилгааны эх үүсвэрээр ажилладаг 3 насос зэрэг ажиллаж байсан ба цагт 800 литр ус гаргадаг насос 2 ширхэг, минутанд 700 литр ус гаргадаг мотор 1 ширхэг зэрэг ажиллаж байсан.

6 сарын 2.

Яасан их цас ороо вэ?

Бид өглөө 9:15-д ажилдаа очсон. Шөнөжин цас орж ажил хийхэд халтиргаа ихтэй ус руу ороход хүйтэн байсан. Өглөө биднийг очиход онгоцны ус маш их хэмжээгээр нэмэгдсэн байсан. Давалгаа маш их хэмжээгээр орж байсан ба энэ нь бидний гадагш нь гаргаж байсан уснаас их байсан гэсэн үг юм. Тийм учраас хүч нэмэгдүүлэхгүй бол онгоц буцаад живэх ч магадлал өндөр байсан. Нэг дэх өдөр оросоос нэмж насос захиж авчруулахаар утсаар ярьсан.

Насосуудыг зогсолтгүй өдөр шөнөгүй ажиллуулж байсан. Бид ээлжилж шөнө эргэлцэж байсан.

Давалгаа ихтэй байсан болохоор бидний соруулж байснаас их ус орж байсан ч усаа байнга соруулж байлаа.

6 сарын 3

Өглөө 10 цагт босоод онгоцон дээр өдөржин ажилласан. Энэ өдөр онгоцны дээд талд байдаг арагшаа харсан хаалгыг усны тусгай хувцас өмсгөлтэй хүн оруулж хаалгыг лантуугаар цохиж хаалгыг хаагддаг болгосноор араас давалгаанд их хэмжээгээр орж ирдэг усыг хаасан. Энэ нь мөс их хэмжээгээр түрэгдсэнээс цөмөлсөн байсан.

Шинэ алхам хийх хэрэгтэй байна.

Миша сайн далайчин тул цоорхойг бөглөж байсан.

Цөн түрэгдсэнээс арын хаалгыг цөмөлсөн байсан.

6 сарын 4

Өглөө ажилдаа 9 цагт гарцгаасан. Манай багийн хамт олон орос монгол гэж ялгалгүйгээр нэгэн сэтгэлтэй хамтран ажиллаж байсан. Бид хамт хооллодог болсон. Энэ өдөр бид усны хувцастай усан доогуур орж онгоцны гаднаас нь барилгын ханыг хөөсөнцөрөөр нөхөж гаднаас нь хажуу талаас орж байгаа усыг багасгасан. Өдөр бид хил рүү явж орос руу захисан шинэ насос, багаж болон хүнсээ авсан. Бид оройн хоолоо онгоцны хажууд идэцгээц дараагийн ажилд өглөөний 5 цаг болсныг мэдээгүй ажилласан байсан. Яагаад гэвэл усны түвшин багасаж бид маш урамтай байсан.

Дараагийн алхам нэг шатаар ахилаа.

Дараагийн нэг том амжилт нь онгоцны хажууд усан дотор 6,5 метр орчим мод босгож дээгүүр нь машины том төмөр татлагаар трактороор татуулж онгоцны бөгсийг бага зэрэг өндийлгөснөөр араас орох ус маш ихээр багассан. Тэр үедээ насосоор усаа байнга соруулж байсан. Харин техник маань олон өдөр өдөр шөнөгүй ажиллаж байсан болохоор бага зэрэг саатал гарч байсан боловч чадвар сайтай сайн гар нийлсэн багийн хувьд оросын талын ажилчид маань тухай бүр нь засварлаж ажиллуулж байсан.

Шөнийн ажил харанхуй ч урагшаа явж байсан.


6 сарын 5

Ажлын амт биднийг нойргүй болгосон байсан.

Бид 5 цаг хүртэл ажилласан боловс усны түвшин бага болж бидний ажлын үр дүн гарч байгаа болохоор өглөөний 7 цагт буцаж онгоцон дээр очиход ус доороосоо л орсоноос хажуугийн болон арын цоорхойгоос айлтгүй болсон байсан. Энэ өдөр бид хамгийн том хийсэн ажил бол усан онгоцны өөрийнх нь лангууг ашиглаж урагш нь татсан нь дахин усны түвшинг багасгахад нэлээд нөлөөлсөн. Усны түвшин багасаж онгоцны дээр байсан арын нүхэн хаалгыг онгойлгож тус бүрийнх нь усыг соруулж байсан.

Онгоцны зангууг ашиглан татлага хийсэн. Насос бөглөрсөн байна.

6 сарын 6

Эвдрэл гарах нь бидний хувьд “не проблем” байлаа. Нутгийн иргэдийг хөлсөөр ажиллуулсан.

Энэ өдөр ажилчид маань олон өдөр тасралтгүй ажиллаж байсан болохоор үдээс хойш ажилдаа гарсан. Ханхад тог тасарсан тул бид зөвхөн бензинээр ажилладаг насосоор соруулж байсан.

Доороос чулуу, мөс, бусад зүйлсийг гаргав. Сайн ажиллаа. Залуусаа.

Нэгэнт доороос орж ирж байгаа цоорхойг бөглөх боломжгүй байсан тул усаа багасгаж, гаднаас 7 хүн хөлсөлж онгоцон дотор байсан зүйлсийг зөөж гаргах, онгоцон дотор байсан чулуу, мөсийг зөөж гаргасаар өнжсөн. Өдөр бороо орж бидний ажилд бага зэрэг саад болсныг дурьдах хэрэгтэй байх.

6 сарын 7-11

6 сарын 7-ны өглөө Гансүх, Хишигжаргал, Туяа, Хулганаа бид 4 оросуудаа амарч байхад онгоцон дээр шинээр орсон усыг том насосоор соруулж дуусгасан байсан. Тэд ирээд нэгэнт усгүй болсон болохоор хөвүүлж эрэг дээр гаргахаар ажилласан. Усан онгоц байсан эрэг өндөр буюу 1.2 метр тул зогсож байсан бетонон ханан дээр гаргах ямар ч боломжгүй бөгөөд гаргах хамгийн боломжтой газар нь зогсоолоос 1 км орчим эрэг дээр гаргаж доторхи дизель түлшийг гаргаж авах хэрэгтэй байсан. Эрэг дээр гаргасны дараа моторын өрөөн доторхи масло, дизелийг бочкинд хийж хогийн цэгт асгаж карерийг тэгшлэв.

Олсоор хөтлөн эрэг лүү хөвүүллээ.

Модоор хийсэн сэлүүр монгол арга байлаа.

Сайн татаад эрэг дагаад алхаад байгаарай.

Эрэг хүртэл урд талын олсоо чанга татаарай.

Дизель маслотой усыг бочкинд хийж зөөсөн.

Хогийн цэгт буй карерьт асгаж, булав.

Бид онгоцыг эрэг дээр гаргалаа.

Бид чадлаа. Ура !!!

Tuesday, October 30, 2007

Хөвсгөлийн Ханх суманд живсэн "Дыбовский онгоц" -ыг гаргалаа.

2006 оны 11 сарын 15-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд "Дыбовский" нэртэй катер онгоц усанд буруу тавьснаас болж живж нэлээн асуудал болсон. хамгийн гол нь энэ онгоцыг гаргахад Монголд техникийн бололцоо муугаас болж гаргаж чадалгүй байсаар мөс хөлдөж, ирэх онд ус гэсэхийг харахаас өөр аргагүй болсон. Ирэх он буюу 2007 оны 03 сард Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалаттай Газрын Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны дарга Б.Дагвадорж ОХУ-ын "Монсибирьаян" компанитай гэрээ хийж, гаргах ажлыг эхлүүлсэн. Энэ гэрээний дагуу миний бие ТХГХЗ-ны нягтлан бодогч Ш.Туяа, тус Хамгаалалтын Захиргааны техникч Б.Гансүх, мэргэжилтэн Т.Хулганаа бид 2007 оны 05 сарын 31-ны өдөр Ханх сум руу томилолтоор гарсан.
Биднийг очиход ОХУ-аас "Мон сибирь аян" Андрей Сирота болон түүний ажлын хэсэг 4 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байсан. Тэд хуучин бидний хэлж заншсанаар орос ах нарын хүчирхэг техник хэрэгсэлтэйгээ ирж Ханхад 3 том сайн үйл хийгээд явсан.
  1. Живсэн "Дыбовьский" онгоцыг эрэг дээр 14 хоног өдөр шөнөгүй ажиллаж байж гаргасан
  2. Ханхын далайн эргийн зам далайд хэт ойр болсноос далайн ус бохирдож байсныг хааж, шинээр зам засаж өгсөн
  3. Ханх сумаас ОХУ-ын хил рүү явдаг зам дагуу нэлээн газар авсан хуучин карерийг хогийн цэг болгосон байсан нь ирсэн явсан хүмүүсийн аягүйцлийг төрүүлдэг байсныг цэвэрлэж, карерийг дарж газрыг тус Хамгаалалтын Захиргааны байгаль хамгаалагч Х.Хишигжаргал газрыг эрүүлжүүлэх ажил эхэлснээр нутгийн иргэд баярлан хүлээн авсан.

Monday, April 16, 2007

Хөвсгөл нуур минь.


Дэлхийн цээжинд "Чингис хаан"-аараа мөнхөрсөн нэгэн улсын хойморт хадган цэнхэр усаараа гайхагдсан Хөвсгөл нуур нь:

Мөсний баяр.



2007 оны 03 сарын 16-17-ны өдрүүдэд Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр болсон мөсний баяр ард иргэдийн хүсэн хүлээсэн нутгийн хамгийн том баяр болдог. Энэ жилийн мөсний баяр нэлээд өргөн цар хүрээтэй болж, энэхүү баярт маань Монгол улсын ерөнхийлөгч Энхбаяр, Байгаль орчны яамны сайд Эрдэнэбаатар, Зам тээвэр аялал жуулчлалын яамны сайд Цэнгэл, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Тэрбишдагва, Түлш эрчим хүчний яамны сайд Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцсон, төр засаг нь ард түмэнтэйгээ наадсан сайхан цэнгэл болсон. Ард түмэн энэ өдөр тахтай морин чаргаар уралдаж, хүчит эрчүүд мөсний дээрхи хөгжөөнт сумо бөхөөр хүчээ үзэж, эрхий мэргэн шагай няслаач нар маань мөсний шагай харваж, зоригт баатарлаг охид хөвгүүд мөсөн дээр олс татаж, настан буурлууд маань ая дуугаа өргөн нутгийн сайхан дархад дуугаараа уралдан наадсан билээ. Гадаад дотоодын жуулчид 200, 300 -гаараа ирж даарсан шинжгүй наадамлаж байгаа миний ардаар бахархан цуг уралдаж байсныг ирэх жил заавал очиж үзээрэй.

Амьдралаа б чамд хайртай.


"Ирсэн болвол буцах болдог дэлхийд
Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс төрдгиймаа
Эхийн хэвлийгээс хүйгээр салавч
Эх орноосоо хүй нь тасардаггүй.
Амьдралаа амьдралаа
Би чамд хайртай" гэдэг нэгэн сайхан дууг би дуулах дуртай. Энэ дууны үг бүрийг бодож байгаад та нэг удаа ч болсон дуулаад үзээрэй.

Хүн бүхэнд бахархах нэг зүйл байдаг байх. Миний хувьд ээж болж ээжийнхээ жаргал зовлонг эдэлж, хүү охин хоёр минь миний хайраар дэлхийг төсөөлж байгаад бахархаж явдаг. Энэ удаа охин минь надад хэлсэн нэгэн гайхамшигиай бөгөөд дотно үгийг бичлээ. "Ээжээ би таны охин болж энэ дэлхийд төрсөндөө насан туршдаа бахархах болно." гэсэн үг миний амьдралдаа хэн нэгнээс сонссон хайрын сонатаас илүү сайхан байдаг.

Thursday, November 02, 2006

saule-tuya

Намайг Туяа гэдэг. Нэгэн төсвийн байгууллагад нягтлан бодогч хийдэг бөгөөд энэ мэргэжлээр 5 жил ажиллаж байна. Манай байгууллага 20 жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд миний бие 4 дэх нягтлан бодогч болсон. Цаашид энэ чиглэлээр ажиллахдаа өөрийн боловсрол мэдлэгээ дээшлүүлж өөрийн боломжит хэмжээнд хүртэл өөр ямар нэгэн байгуулагад ажиллаад орчноо солиод үзэх хүсэлтэй байгаа. Миний хувьд танил тал, хэн нэгэнд өгөх бэл бэнчин маш муу тул хүссэн ажлаа хийгээд явах гэхээр маш том хана өмнө минь гарч ирээд би түүнийг цөм цохих гэхээр хүч дутаад байна. Миний туйлийн хүслэн бол гадаадын ядаж 1-2 улсад гарч урт богино хугацаа нь хамаагүй амьдарч үзэж өөрийгөө нээх хэрэгтэй байна. надад үүнийг хийхэд зөвлөмж, блолцоо хэрэгтэй байна. Нөөц хязгааргүй боловч нөөцийг зөвхөн хүний үйл ажиллагаагаар бий болгодог гэдэгт би гүн итгэдэг.